Монголчууд бид гаднын оронд аялах, ажиллах, сурах нь ихсэж, тэр хэрээрээ соёлжиж буй.Бид гадаадын орнуудад валюттай нь тун болгоомжтой, цэвэрхэн харьцдаг хэр нь өөрсдийнхөө мөнгөн дэвсгэртдээ ийм байдлаар хандаж чаддаггүй. Уг нь миний юм гээд улам илүү хайрлах ёстой байтал хайнга ханддаг нь мөнгөн дэвсгэртийн ашиглах хугацааг багасахад нөлөөлдөг аж.
Тухайлбал, түрийвч хэрэглэлгүй хаа сайгүй халаасандаа нугалж мөнгөө хийх, дээр нь зурах, шивэх, бичих, урж тасдах тохиолдол их байдаг. Гутлынхаа түрийнээс хэд нугарч үрчийсэн мөнгийг халтар гараараа гаргаж ирээд тооцоо хийх нь энүүхэнд. Мөнгийг зохистой газар хадгалаагүйгээс болж шатаах, норгох нь наад захын үзэгдэл. Урин дулааны цагт мөнгөө гэрийнхнээсээ нууж, зууханд хадгалтал хэн нэгэн нь санамсаргүй гал тулж, шатаасан тохиолдол ч гарч байна.
Тэр ч бүү хэл, унины завсар хавчуулаад хадгалтал бороо усанд норох, халаасандаа хийж угаах зэрэг асуудал өчнөөн гардаг аж.
Ялангуяа мөнгийг хамгийн их бохирдуулагчид нь худалдагч нар юм. Махны худалдаачид цустай, шүүстэй мах барьсан, ногооны худалдагчид шороотой төмс барьсан гараараа мөнгөө тоолж авдаг нь мөнгөн дэвсгэртээ халтардуулах шалтгааны нэг болж байна.
Хаан банкны орлогын машинд саяхан шинжилгээ хийтэл Дэнжийн мянгын “Хүчит шонхор” зах орчмын машинаас махны өөх тос их хэмжээгээр илэрчээ. Тэгэхээр эндээс гарах мөнгөн дэвсгэрт дээр төдий хэмжээний махны шүүс, тос наалдсан байна гэсэн үг. Энэ хэрээр мөнгөн дээр нян бактери үржиж, тухайн мөнгийг барьсан хүмүүс өвчин тусах магадлалтай юм.
Үүнээс гадна автобусанд бэлэн мөнгөөр зорчдог байхад иргэд мөнгөө урж тасдан хуваан хийж байсан нь ч соёлгүй, бүдүүлэг хэрэглээнд тооцогдоно.